АМНЫ ЭВГҮЙ ҮНЭР (Bad breath/Halitosis)

Амны эвгүй үнэрээс урьдчилан сэргийлэхэд ӨГЛӨӨНИЙ ЦАЙ хамгийн чухал! 

Хэдий амны эвгүй үнэр эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй ч ихээр үнэртэх нь ойр орчмын хүмүүст таагүй байх, нийгмийн харилцаанд оролцоход эвгүй байдалд оруулах, хувь хүн сэтгэл зүйн хувьд маш тавгүй байдалд ордог. 

Заримдаа амны эвгүй үнэрийн талаар өөрөө сайн мэддэггүйгээсээ эсвэл тэр байдлаа үл тоомсорлох хүмүүс ч байдаг. Амны эвгүй үнэрийн шалтгааныг хайж өвчтөнүүд ходоод болон амьсгалын замын асуудал гэсэн ойлголтоор шинжилгээнд хамрагддаг ч 90% нь амны хөндийн өвчлөлтэй холбоотой байдаг ба түүний дараагаар чих хамар хоолойн өвчлөл, хоол боловсруулах замын өвчлөлтэй холбоотой байдаг.

Амны эвгүй үнэр үүсэх олон шалтгаан байдаг ба өдөр бүр иддэг хоол болон хооллох зуршилтай салшгүй холбоотой. Бидний байнга хэрэглэдэг хүнс болох сонгино, сармис, өндөг, мах, сүү зэрэг нь амны эвгүй үнэр ихээр үүсгэдэг хоол гэж үздэг. Тиймээс хооллосны дараа шүдний завсар болон хэлэн дээрх өнгөрийг сайтар цэвэрлэх нь чухал юм. 

Амны эвгүй үнэр үүсгэдэг 3 дэгдэмхий хүхрийн нэгдлүүд *Volatile sulfur compounds (VSC) байна. 

Үүнд: 

1. Өндөг ялзрахад үүсдэг үнэр - устөрөгчийн сульфид (hydrogen sulfide )

2. Байцаа ялзрахад үүсдэг үнэр - метил меркаптан (methyl mercaptan )

3. Сармис эсвэл сонгины өвөрмөц үнэрийг үүсгэдэг диметил сульфид (dimethyl sulfide )

Аман доторх бактери амны хөндийд уураг задлах явцад эдгээр нэгдлүүд нь тааламжгүй үнэр үүсгэдэг хий бөгөөд амьсгалаар дамжин гадагшилж амны эвгүй үнэр үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, аманд байгаа бактери нь амны хөндийд уургийн бүрэлдэхүүн хэсгүүдийг задалдаг тул эвгүй үнэр гарах нь хүн бүрт үүсч болох ижил нөхцөл байдал ба онцгойлон бүрэн үгүй болгох эм эмчилгээ байхгүй ч өдөр тутамдаа урьдчилан сэргийлж анхаарах боломжтой. 

Амнаас гарах эвгүй үнэрийг бүрэн арилгах нь гол асуудал биш ба тогтмол арчлах, өдөр тутмын амьдралын зөв хэвшилтэй болох нь маш чухал. 

Тиймээс 

•Өдөр бүр хооллосны дараа шүдээ зөв, сайн угаах 

•Хэлээ угаах

•Мэргэжлийн эмчид 3-6 сар тутамд амны хөндийн үзлэгт орж цэвэрлэгээ хийлгэх 

•Өглөөний цай хоолоо заавал идэж занших хэрэгтэй

•Амны хөндийн ямар нэгэн өвчлөлгүй, дээрх зөв зуршил хэвшмэл үед үнэр гардаг бол чих хамар хоолой, хоол боловсруулах замын асуудал байгаа эсэхээ нарийн мэргэжлийн эмчид хандан шинжилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай. 

•Мөн спиртийн төрлийн шингэн нь амыг ихээр хуурайшуулж амнаас гарах эвгүй үнэрийг нэмэгдүүлдэг тул татгалзах болон бууруулах 

•Өглөө амнаас эвгүй үнэр илүү хурц байдаг гэх хүн ялангуяа өглөөний цайг заавал уух хэрэгтэй. Учир нь өглөөний цай аман доторх болон ходоод гэдэснээс ялгарах дэгдэмхий хүхрийн нэгдлүүдийг 60-70% бууруулж өгдөг гэсэн судалгаа байдаг. (Journal of Periodontal Research 43(2):186-93)

Тиймээс өглөөний цайгаа алгасаад зөвхөн  шүдээ  сайн угаах нь амны хөндийн эвгүй үнэрийг дарна гэсэн ойлголт нь хамгийн буруу ойлголт, зуршил юм.

Comments