Хүүхдийнхээ хэрэгцээг мэдэхийг хүсч байна уу?

Хүүхдүүдийнхээ гаргаж буй үйлдэл аягийг ойлгохгүй үед эцэг эхчүүд сандарч бухимдах нь бий. Тиймээс ээж аавууд хүүхдээ илүү сайн ойлгохын тулд хүүхдийн хөгжлийн үе шатын талаархи мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгцээ шаардлага тулгардаг. Энэ удаагийн нийтлэлээр бие хүний хөгжлийн онолыг үндэслэгч сэтгэл судлаач Э.Эриксоны онолоос хүүхэд нас, өсвөр настай хамааралтай үе шатлалуудын талаарх мэдээллийг “Clinica Цахим сэтгэлзүйч” Г.Бөртэ танд хүргэж байна.

 

 

Нярай нас: 1 нас хүртэлх үе 

Энэ насны хөгжлийн гол зорилго нь итгэх үүсэх. Харин уг зорилго биелээгүй бол үл итгэх сэтгэл зүй үүсдэг. 

Хүүхэд бие махбодын хувьд тавгүйрхэх, живх нь хэт норох, өлсөх, айх зэргээс үүдэн уйлах үед ээж нь тухайн үед нь хариу үйлдэл үзүүлж, живхийг нь сольж өгөх, гэдэс нь өлссөн бол хөхүүлэх зэргээр хүүхдийн хүсэж байгаа зүйлийг тухай тухайн үед нь хийж өгөх нь хүүхдэд асран хамгаалагчдаа итгэх итгэлийг бий болгож байдаг. Мөн хүүхдээ орхин гарахдаа гарч байгаа тухайгаа, удахгүй ирнэ гэдгээ хэлж, дууу хоолойгоороо дохио өгч занших нь хүүхдэд ээж удахгүй ирнэ гэсэн итгэлийг суулгадаг. Энэхүү итгэл нь цаашлан бусдад итгэх итгэлийн үндэс болдог.

Нялх нас: 1~3 нас

Энэ үеийн хөгжлийн гол зорилго нь бие даах. Харин уг зорилго биелээгүй үед ичиж эргэлзэх мэдрэмж үүсэх болно. 

Энэ үед хүүхэд хөлд орох, хэлд орох хөгжлийг туулах ба бие даан аливаа үйлийг хийхийг оролдож эхэлдэг. Жишээлбэл би өөрөө гутлаа өмсөнө, би өөрөө хоолоо халбагадаж иднэ гэх зэргээр бүхий л үйлд биеэ даасан байдлаар өөрөө хийнэ. Энэ үед хүүхдийн гаргасан алдааг шүүмжлэх, загнаж, шоолон ичээх нь хүүхдэд ичих мөн эмээх мэдрэмжийг бий болгож орхидог. Тиймээс хүүхдийн биеэ даах үйлийг дэмжиж сайшаан урамшуулж өгөөрэй. 

Балчир нас: 3~6 нас 

Энэ үеийн хөгжлийн гол зорилго нь санаачилга гаргах бол зөрчил нь гэм буруутайн мэдрэмж юм. 

Энэ насыг сургуулийн өмнөх нас бөгөөд нийгмийн дүрэм журам, ёс зүй, сайн муу, зөв бурууг ойлгон хүлээн авах чадвартай болно. Мөн буруу зүйл хийвэл буруугаа хүлээж уучлал гуйж чаддаг. Юмс үзэгдлийн учир зүй тогтлыг сонирхож асууж шалгааж эхлэх бөгөөд сониуч байдлынхаа үндсэн дээр олон зүйлд санаачилга гарган оролдох болно. Харин хийсэн үйлийг нь буруушаах, хэт их зэмлэх аваас өөрийгөө буруу, муу хүүхэд гэж хүлээж авах, идэвхи санаачилга гаргахаа болих зэрэг сөрөг талтай тул эерэг аргаар ойлгуулан тайлбарлаж өгөхийг хичээгээрэй. 

Сургуулийн нас: 7~13 нас 

Энэ үеийн хөгжлийн гол зорилго нь бүтээлч байдал бол зөрчил нь үнэ цэнэгүй байдал юм. 

Өмнөх хөгжлийн шатандаа үндэслэн хүүхэд нийгмийн харилцаанд орох болно. Гэр бүл дотроо ээж аавынхаа хувьд мундаг нь байсан бол анги хамт олны дунд,  багш болон найзуудтайгаа харилцаанд  орсноор бусадтай өөрийгөө жишиж, өөрийгөө үнэлэх эсвэл голох мэдрэмж үүсдэг. Тиймээс хөгжлийн энэ үе шатанд хүүхдийг дэмжиж урамшуулж өөрийгөө нээхэд туслаарай. 

Өсвөр нас: 13~19 нас

Энэ насныхны хөгжлийн гол зорилго нь өөрийгөө олох явдал бол зөрчил нь будлиан юм.  Өөрийгөө хэн болох, юу хийх, хаана хүрэх ёстойг асуусаар хариултаа хайдаг үе гэж хэлж болно. Энэ үед хүүхдүүд өөрт нь үлгэрлэх томчуудын дүр загварыг олж, даган дууриаж өөрийн Би-г бүтээх гэж оролддог тул томчуудын үлгэр дууриалал, үзэл хандлага чухал нөлөөг үзүүлдэг. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, тэдэнд зөв үлгэр болохыг хичээх, өөрийн Би-г олоход туслан дэмжээрэй. 

Г.Бөртэ /Эцэг эхийн боловсролын зөвлөх/

 

Comments