
Түрүү булчирхайн архаг үрэвсэл
Түрүү булчирхайн архаг үрэвсэл / аарцгийн архаг өвдөлтийн хам шинж/ нь хэвлийн доогуур, аарцаг, цавь хэсгээр өвдөх, тухгүй оргих мэдрэмж төрүүлдэг шээс дамжуулах зам болон бэлгийн үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг өвчин юм. Нянгийн болон нянгийн бус шалтгаантай тохиолддог. Нянгийн гаралтай үрэвслийг цочмог болон архаг гэж ангилна.
Сүүлийн зургаан сарын 3 сараас илүүд нь шээс дамжуулах зам, бэлгийн үйл ажиллагааны алдагдал болон бусад шалтгаанаар цавь, салтаа, аарцаг хэсгээр өвдөх шинжээр түрүү булчирхайн архаг үрэвсэл илэрнэ. Түрүү булчирхайн архаг үрэвсэл нь дэлхий дахинд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 2-10 хувьд тохиолддог. 50-60 насанд хамгийн элбэг тохиолддог.
Шалтгаан бүрэн тодорхойгүй. Зарим судлаачид нянгийн болон нянгийн бус шалтгаантай гэж ангилдаг. Хламид, микоплазм, уреаплазм нь халдварын шалтгаан болдог. Үрийн шингэн эсвэл түрүү булчирхайн шүүрлийн PCR, нян судлалын шинжилгээгээр үүсгэгчийг илрүүлнэ. Зарим үед үүсгэгч илрэхгүй байх тохиолдол байна.
Үндсэн шинж тэмдэг нь өвдөлт юм. Өвдөлтийн байршлыг ангилж үзэхэд
63 хувьд хярзан хэсэгт
58 хувьд төмсөг,
42 хувьд умдагны дээд хэсэгт,
32 хувьд шодойн өвдөлт илэрсэн байна.
Мөн шээхэд өвдөх (эвгүй оргих) 48 хувьд,
өвдөлттэй дур тавих тохиолдол 48 хувьд тохиолдсон байна. Өвдөлтийн шинж нь хурц болон намдуу байж болно. Өвдөлтийн хугацаа харилцан адилгүй. Хэдэн минут, цаг, өдрөөр эсвэл байнгийн үргэлжилнэ. Мөн зарим өвчтөнд шээс дамжуулах замын өвчний шинж, бэлгийн үйл ажиллагааны алдагдлын шинж илэрнэ. Ойр ойр шээх, шээсээ барихад хэцүү байх гэх мэт. Дур тавих үед өвдөх шинж 58 хувьд, шахамдуулсан дур тавилт 64 хувьд, хөвчрөлийн алдагдал 15-40.5 хувьд тус тус илэрсэн байна.
Үзлэгээр: түрүү булчирхайг тэмтрэх үзлэгээр бага зэрэг эмзэглэлтэй байна. Зарим тохиолдолд энэ шинж илрэхгүй.
Оношилгоо:
Нэгдүгээр алхам: Нянгийн халдварыг тодорхойлох – түрүү булчирхайн цочмог болон архаг үрэвсэл, цистит, уретрит, дайврын үрэвслээс ялган оношлох
- Нянгийн гаралтай архаг түрүү булчирхайн үрэвсэл – ойр ойр шээх, шээх үед өвдөх, хярзангаар өвдөх. Бага зэрэг халуурах, түрүү булчирхайн тэмтрэлтээр эмзэглэлтэй, хавантай байх шинжүүд илэрч болно.
- Нянгийн гаралтай цочмог түрүү булчирхайн үрэвсэл – цочмогоор өвдөх, халуурах, чичрүүдэс хүрэх, бие арзайх, булчин өвдөх, шээсний гарц өөрчлөгдөх, шээсний замын шинжүүд (давтамж, шээсээ барихад хэцүү байх), аарцаг болон хярзангаар өвдөх, шээс тунадастай байх. Түрүү булчирхайн тэмтрэлтээр эмзэглэл ихтэй байна.
- Цистит – шээх үед өвдөх, шээсний давтамж ихсэх, шээсээ барихад хүндрэлтэй байх, умдагны дээд хэсэгт өвдөх. Зарим тохиолдолд халуурах.
- Бусад халдваруудад төмсөгний дайврын үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл орно. Дайврын үрэвслийн үед шээхэд өвдөх, халуурах шинж илэрч, дайвар болон үрийн багц хавдаж, эмзэглэлтэй байх. Шээсний сүвний үрэвслийн үед хярзангийн өвдөлт, өвдөлттэй шээх мөн сүвнээс ялгадас гарах шинжүүд илэрнэ. Дээрх зовиур илэрсэн үед БЗХӨ-ий шинжилгээ өгөх шаардлагатай.
Хоёрдугаар алхам: бусад шинжийг үнэлэх
- Давсаг бүрэн сулрахгүй байх мэдрэмж,
- Цустай шээс,
- Нуруу нугасны гэмтэл, бүсэлхийн нугалмын өөрчлөлт зэргээс давсагны мэдрэлийн алдагдал, доод мөчдийн мэдрэхүй алдагдах, сулрах,
- Төмсгөнд үүсгэвэр байх, эмзэглэлтэй байх, хавдар үгүйсгэх
- Цавьны лимфаденопати,
- Хэвлийн үүсгэвэр эсвэл ивэрхий шалгах
Гуравдугаар алхам: түрүү булчирхайн архаг үрэвсэл / аарцгийн архаг өвдөлтийн хам шинж/ -ийг оношлох
Сүүлийн 6-н сарын гуравд нь өвдөх, өвдөлтийн байрлалын хувьд хярзан, төмсөг, умдаг ясны дээд хэсэг болон бэлэг эрхтэн өвдөх. Өвчтөнд шээх үед өвдөх, дур тавих үед өвдөх шинж илэрч болно. Зарим өвчтөнд бэлгийн үйл ажиллагааны алдагдлын болон шээс дамжуулах замын эмгэгийн шинжүүд илэрч болзошгүй.
Шулуун гэдэсний үзлэгээр түрүү булчирхай бага зэрэг эмзэглэлтэй эсвэл эмзэглэлгүй байна.
Шээс болон лабораторийн шинжилгээ – шээсний ерөнхий шинжилгээ болон шээсэнд нян ургуулах шинжилгээ, PSA буюу түрүү булчирхайн өвөрмөц антиген үзэх
Нэмэлт шинжилгээ:
- Хэвлийн хавсарсан өвдөлттэй үед хэвлийн зураг авахуулах
- Төмсөгний өвдөлттэй үед ЭХО-д харах, ялангуяа тэмтрэлтээр эмзэглэлтэй байх үед
- ЭХО эсвэл сүвний гуурсаар үлдэгдэл шээс шалгах, шээсний дараа давсаг бүрэн суларч байгааг шалгах
- Бүсэлхийн мэдрэлийн өөрчлөлттэй үед аарцгийн өвдөлт өгдөг, тиймээс радикулопатигийн шинжийг шалгах (доод мөчдийн мэдрэхүйн алдагдал, сулрал) нурууны MRI зураг авахуулах
Эмчилгээний ерөнхий зарчим:
- Эмийн эмчилгээ
- Физик эмчилгээ
- Дасгал
Эх сурвалж: https://www.uptodate.com/
Comments