
Оновчтой бодлого, нотолгоо судалгаагаар дутагдсан “Нэг хаалга - Нэг шинжилгээ”
Улаанбаатар хотод бүртгэлтэй 420,000 өрхийн 18-с дээш насны нэг хүнд PCR шинжилгээг хийснээр COVID-19ийн тохиолдлыг 3 ба 4 дахин бууруулан эдийн засгийн сэргэн мандалтад чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэлцэж байсан “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-г эргэж харцгаая.
Ард иргэдийг дээрх үндэслэл тооцоогүй, гэнэтийн масс шинжилгээнд хамруулсан нь хурдацтай өсөж буй халдварын тархалт ба нас баралтын тоо, бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үзүүлэлт тоо баримтууд нь уг бодлогыг гарцаагүй сөрөг үр дагвартай байсны тод илрэл юм. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, хувиарлалт, хүчин чармайлт ба үнэт цагийг нь нэн тэргүүнд дүн шинжилгээ тооцоолол төлөвлөлтөнд үндэслэсэн үйл ажиллагаа руу чиглүүлэх, вакцинжуулалт зэрэгт зориулах ёстой атал нотолгоо судалгаанд суурьлаагүй шийдвэрийг үйл ажиллагаа болгон хэрэгжүүлснээр цар тахлын нөхцөл байдлыг улам хүндрүүлсэнийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлээс харж болох юм. Учир нь хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцооны зохион байгуулалтыг бага зардалаар хэрхэн үр өгөөжтэй, ухаалгаар удирдан чиглүүлэхээс хамааран тухайн улс орны эдийн засаг, эрүүл мэндийн салбарын тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг эрдэмтэд нотолсоор ирсэн.
Финлянд улсад багшилж буй судлаач АУ-ны доктор Дорждагвагийн Жавхланбаяр мөн АУ-ны доктор Батбаатарын Энхжин нар МУ цар тахалтай тэмцэхэд хэрэгжүүлсэн “Нэг хаалга - Нэг шинжилгээ” бодлогын талаар тоймлон, дүн шинжилгээ хийн өндөр зэрэглэлтэй томоохон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэг болох Лансет дээр судалгааны үр дүнгээ хэвлүүлэн хэд хэдэн чухал саналуудыг тусгажээ.
Мөн Английн Эрүүл Мэнд, Нийгмийн Халамж Үйлчилгээний Газрын ахлах мэргэжилтэн BMJ эрдэм шинжилгээний сэтгүүлд : "Юуны түрүүнд шинж тэмдэггүй хүмүүсийг массаар нь шинжилгээнд хамруулах нь өөрөө "үнэн зөв (оновчтой) арга биш" " гэж өгүүлсэн байна. Улаанбаатар хотод хатуу хорио тогтоохоос өмнө буюу 2021 оны 2 -р сарын 9-н гэхэд долоо хоногийн дунджаар өдөр бүр бүртгэгдсэн COVID-19ийн шинэ тохиолдoл нь (нас баралт бүртгэгдээгүй) 41 хүн байсан. Энэ үед халдварын эх үүсвэрийн дийлэнх хэсгийг мөрдөх боломжтой, эмнэлэгт өвчтөний байдлаас үл хамааран эмчилж байжээ.

Графикаас харахад 2021 оны 2 -р сарын 24-ний өдрөөр 18.4 тэрбумаар хэрэгжсэн “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-ний дараа ЭМЯ нийт 131 тохиолдол илрүүлсэн ба эдгээрийн дотроос 59 нь шинэ, 72 нь ойр дотнын хүмүүстэй холбоотой тохиолдлууд байсан гэх үр дүнг танилцуулсан. Үүнээс харахад л “Нэг хаалга - Нэг шинжилгээ” нь үр ашиггүй зардал ихтэй оновчгүй бодлого байсан нь илэрхий. Гол сөрөг үр нөлөө нь, хөтөлбөр дууссаны дараа шинэ тохиолдлын тоо эрс нэмэгдсэнийг графикаас үзэж болно. Мэргэжлийн бус, нотолгоо судалгаагүй бодлого харамсалтай нь ийм л ноцтой үр дагавартай байхаас аргагүй билээ.
Аливаа шинжилгээ судалгааг хэрэгжүүлэхээс өмнө маш сайн загварыг боловсруулан эхлэх ёстой байдаг ч харамсалтай нь энэ удаад манай улсад мөн л чанаргүй, мэргэжлийн бус бодлого хэрэгжээд өнгөрсөн болно. Шинжилгээнд хамрагдсан нэг хүн бүр өрхийн бүх гишүүдийн халдварын байдлыг илэрхийлж чадахгүй тул илүү нарийвчлалтай шалгуурыг ашиглан шинжилгээнд оруулах хүмүүсээ сонгох шаардлагатай байсныг эрдэмтэд тэмдэглэжээ. Судалгааны аргачлал, загвар эхнээсээ дутагдалтай байсан тул уг шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь эрсдэл бүлгийн бус харьцангуй залуу болон эрэгтэй хүмүүс түлхүү оролцсон байна.
Тиймээс, “Нэг хаалга - Нэг шинжилгээ” нь бодит бус тархалтын тооцоолол гаргаж, Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний болон эдийн засгийн нөөцийг тус тус үр ашиггүй зарцуулан, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлсэн байх өндөр магадлалтайг судалгааны үр дүнгээр илэрхийлжээ. Монгол Улсын өнөөгийн эрүүл мэндийн салбар дахь тулгамдаж буй бэрхшээлүүд болох эрүүл мэндийн үйлчилгээний давхардал, үр өгөөжгүй байдал, эрүүл мэндийн тэгш бус байдал, оновчгүй нөөцийн хуваарилалт зэрэг нь COVID-19 хямралын үед болон дараа нь улам хурцдах нь дамжиггүй.
Судалгаанд суурилсан, хариуцлагатай бодлого хэрэгжилтийг хүсч байна!
Comments