Нүдний харшил ба түүний төрлүүд

Санасан үедээ л дусаалга дусаачхаад бусад үед нь нүдээ яаж байгааг анзаарах ч сөхөөгүй явж байгаа юм биш биз? Магадгүй нүд тань таниас анхаарал халамж, амралт шаардаад байгааг үгүйсгэхийн аргагүй шүү дээ. Иймд нүд бидний анхаарч байх ёстой чухал эрхтэн учраас дараах зөвлөгөөг уншаад авахад илүүдэхгүй шүү. 

Нүдний харшлыг дотор нь энгийн харшил, вернал кератоконьюнктивит (хаврын катар), атопийн кератоконьюнктивит болон аварга хөхлөгт коньюнктивит хэмээн 4 хуваадаг байна. 

1. Энгийн харшил

  • Нийт хүн амын 10-30%-д тохиодог. 
  • Бүх насныханд үүсч болох ч ихэвчлэн 20-с доош насныханд илүү тохиолддог.
  • Ийм харшилтай хүмүүсийн дөнгөж 10% нь л мэргэжлийн эмчид хандаж тохирсон эмчилгээ хийлгэдэг бол үлдсэн хувь нь огт эмчилгээ хийдэггүй эсвэл буруу эмийг удаан хугацаагаар дусаан хүндрүүлдэг байна.
  • Энгийн харшлыг дотор нь улирлын шинж чанартай болон жилийн турш үргэлжилдэг хэмээн 2 ангилдаг. 

Улирлын шалтгаант салстын харшлын үрэвсэл. Дулааны улирал эхлэхээр л нүд халуу оргиод нухмаар санагдаад, яах учраа олохгүй үе байдаг уу? Тэгвэл танд дараах үрэвсэл илэрч байж болзошгүй юм. Энэхүү үрэвсэл нь 5-6 сард ургамлын тоосонцор дэгдэх үед сэдэрдэг ба нийт нүдний салстын харшлын 90%-ийг эзэлдэг байна. Мөн нүд загатнах, халуун оргих мэдрэмж төрөхөөс гадна заримдаа хамрын харшлын шинжүүд илэрдэг ажээ. 

Жилийн турш үргэлжилдэг харшил. Уг харшлын үед улирлын чанартай харшилтай ижил шинж тэмдэг илрэх боловч ялгаатай нь амьтны үс ноос, шимэгч, хачиг, өд зэргээс болж үүсдэг. Мөн нас ахихын хирээр тохиолдлын тоо нэмэгддэг байна. Юмыг яаж мэдхэв, ийм харшил үүсгэж болзошгүй орчинд ажилладаг бол анхаараад аваарай.  

2. Вернал кератоконьюнктивит

  • Ихэвчлэн хүүхдүүдэд тохиолддог ч 20 нас хүрэхэд аажимдаа арилдаг.
  • Хөгжингүй орны нийт нүдний харшлын 0,1-0,5%-ийг эзэлдэг бол субтропик уур амьсгалтай, хөгжиж буй орнуудад илүү өндөр хувьтай тохиолддог.
  • Ийм харшилтай хүн байнга зовуурь мэдрэх ба хавар, зуны улиралд зовуурь бүр их нэмэгддэг байна. Ер нь л дулааны улиралд харшил сэдэрдэг нь тэгээд жам юм даа. 

3. Атопийн кератоконьюнктивит 

  • Атопийн дерматит гэх арьсны эмгэгтэй хүмүүсийн 20-77%-д тохиолддог. 
  • Ихэвчлэн өсвөр наснаас эхлэн 30-50 насны хооронд оргил үедээ хүрдэг. 
  • Шинж тэмдгийн хувьд зовхины арьс, нүдний салст, гадаргууг хамарсан үрэвсэл үүсгэдэг байна. 

4. Контакт блефароконьюнктивит 

Эмэгтэйчүүд гоёлын болон харааны линз зүүх, нүдээ хүрээлж будах зэрэгт нүд харшилдаг уу гэж их асуудаг шүү дээ. 

  • Контакт блефароконьюнктивит хэлбэрийн харшлын төрөл байдаг ба нүүрний будаг, метал, нүдний эм зэрэг нь сэдрэх шалтгаан болдог байна. 
  • Энэ хэлбэрийн харшил нь эмэгтэйчүүдэд 2 дахин их тохиолддог. 
  • Харшил төрүүлэгч нүдний гадаргуутай хүрэлцсэнээр биеийн дархлааны хариу урвал эмгэгээр явагдаж харшлын урвал эхэлдэг. 

Агаарын бохирдол харшилд нөлөөлдөг үү?

Тийм ээ, агаарын бохирдол харшлын гаралтай нүдний салстын үрэвслийг үүсгэх эсвэл хүндрүүлэх боломжтой гэж үздэг. Дэгү (БНСУ, 2006-2014), Ломбардиа (Итали, 2013), Тайван (2007-2009) болон Токио (Япон, 2017) зэрэг томоохон хотуудад хийгдсэн судалгаанаас харахад агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэхийн хирээр нүдний харшлын шалтгаанаар эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчийн тоо ихсэж байсан ба харшлын зэрэг нь өндөр байсан ажээ.

Харшлын үед: Нүд улайх, загатнах, нулимс гарах, хаван хавдар үүсэх шинж тэмдгүүд илэрдэг. Нүдний харшилтай хүмүүсийн 50%-иас илүү нь нүдний хуурайшилттай байдаг. Өөрөөр хэлбэл нүдний гадаргууг бүрхсэн нулимсан давхарга багасах үед үрэвслийн явц илүү ихээр илэрдэг байх нь. Тиймээс заримдаа уйлмаар байвал уйлчхаж байгаарай. 

Эмчилгээ, авах арга хэмжээ:

  • Ариун цэвэр сахих. Харшил төрүүлэгчээс хол байх, хамгаалалтын шил зүүх. Мөн хувцсаа тогтмол угаан, орж хөнжлийн даавууг тогтмол сольж, нүүр гарын ариун цэврийг сахиснаар харшил төрүүлэгчийг багасгах ач холбогдолтой.
  • Нүдний шил зүүх. Контакт линз зүүх нь харшлын үед илүү мэдрэмтгий болгодог учир ид сэдрэлийн хугацаанд шил зүүхийг зөвлөж байна.
  • Линз зүүхдээ анхаарах. Харшлын эмийг дусаахын өмнө контакт линзийг авах. Эм дусааснаас дор хаяж 10 минутын дараа линзийг буцааж зүүж болно. 
  • Нүдээ нухахгүй байх.
  1. Хиймэл нулимс дусаах. Хүйтэн хиймэл нулимс нь нүдний хуурайшлыг багасгах, харшил төрүүлэгчийг угаан цэвэрлэх, нүдний гадаргуу дээрх үрэвслийн бодисуудыг шингэлэх боломжтой. Хиймэл нулимс нь удаан хадгалах зориулалттай нөөцлөгч бодис агуулаагүй байх нь чухал. 
  2. Хүйтэн жин тавих
  3. Мэргэжлийн эмчид хандан харшлын зориулалтын дусаалга хэрэглэх зэрэг аргууд байдаг байх нь ээ.
     
  4. Нүдний дусаалгатай холбоотой Ч.Цэлмүүн докторын зөвлөснийг Та уг текст дээр дарж ороод заавал сонирхоорой!


                                                                                 Clinica, LEMONPRESS нар хамтрав.
 

Comments